Чөлөөт бөхийн шигшээ багт 27 тамирчин олимпын бэлтгэлээ базааж байна

оруулсан Алсын Хараа

Монголын чөлөөт бөхийн шигшээ багт эрэгтэй 14, эмэгтэй 13 тамирчин, 5 дасгалжуулагчийн хамт өнгөрсөн оны 12 дугаар сараас тасралтгүй бэлтгэл хийж байна.

Одоо үндэсний шигшээ багийнхан “Хасу” эко цогцолборт олимпын бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байгаа юм. Тэднээс олимпын эрх авсан Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Т.Тулга  нар Итали руу нэг дасгалжуулагчийн хамт явсан бөгөөд тэд одоо Болгар улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа аж.

Эрхээ авчихсан тамирчдын бэлтгэл бусдаасаа өөр төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ сарын 25-29-нд тэмцээнд оролцоод 4 дүгээр сарын 7-нд Казахстанд очих юм байна.

Улмаар тэд шигшээ багийнхантай нийлж хамтарсан бэлтгэл хийгээд тавдугаар сарын 15-наас Монголдоо буцаж ирнэ. Эрхээ авсан тамирчид эрхийн тэмцээнд оролцдоггүй учраас Т.Тулга, С.Батцэцэг нар Азийн болон Дэлхийн эрх олгох тэмцээнд оролцохгүй. Мөн энэ удаа тэднийг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдсэн учраас Казахстанд зөвхөн бэлтгэл хийх юм байна.

Ташрамд дуулгахад, “Шигшээ багийн эрх аваагүй тамирчид эрхийн төлөөх тэмцээнд оролцоод дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 10 хүртэлх хугацаанд тэндээ бэлтгэл хийх аж. Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч нь Казах хүн байдаг. Түүнд хүсэлт тавиад Казахстан болон Хятадын шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг Алматы хотод хийхээр болсон. Учир нь бид 2 тэмцээндээ оролцоод буцна гэхээр тусгаарлалтын хоногоос болоод дараагийн тэмцээнд оролцож чадахгүй. Тэгэхээр тэндээсээ дэлхийн эрхийн тэмцээнд Болгар явна. Харин тивийн эрхийн тэмцээнээс хэдэн тамирчин эрх авахаас хамаарч Болгар явах тамирчдын тоо шийдэгдэнэ” гэж Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга мэдээллээ.

Сэтгэгдэл бичих