Мэргэжлийн сумо бөхийн 71 дэх их аварга /ёкозүна/ Какүрюү М.Ананд зодог тайллаа гэж Японы сумо бөхийн холбооноос зарлажээ.
Какүрюү М.Ананд хаврын тэмцээн Харү башёд оролцохоор бэлтгэл хийж байсан ч бэлтгэл дээр зүүн хөлөө гэмтээснээр зодоглоогүй. Тэрбээр 2020 оны 7 дугаар сарын тэмцээнээс хойш 5 башё дараалан барилдаагүй бөгөөд үүнээс болж Их аваргад ихээхэн шүүмжлэлтэй хандаад байсан юм.
Ёкозүна Какүрюү Макүүчи буюу Дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн. Мэргэжлийн сумод нийтдээ 785 барилдаж, 497 даваа, 236 унаатай байсан. Тэр 2001 онд мэргэжлийн сумод орж, тусгай шагнал 9 удаа хүртсэн билээ. М.Ананд Какүрюү нэрээрээ Сумогийн холбоонд ажиллах бөгөөд Ёкозүна цолтон зодог тайлаад 5 жил холбоондоо ажиллах эрхтэй байдаг юм байна.