Нийслэлд 2-3 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ

оруулсан Алсын Хараа

Өчигдөр Улаанбаатарын 22.46 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км зайд 5,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь нийслэлд 2-3 баллын хүчтэй мэдрэгджээ.

Энэ нь газар хөдлөлийн гамшгийн автомат дохиолол дуугарах хэмжээний балл биш юм. Хэрэв нийслэлд газар хөдлөлийн 6-7 баллын чичиргээ үүсвэл автомат систем дуугарна. Газар хөдлөлийг урьдчилан мэдээлэх боломжгүй. Манай орны хувьд хүчтэй газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгддэг. Хөдөө орон нутагт барилгажилт бага, суурьшил сийрэг тул харьцангуй хохирол бага гэдгийг ШУА-ийн  Одон орон геофикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат  мэдээлэв.

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өчигдөр болсон газар хөдлөлийн үеэр тус бүс нутаг дахь Төмөр замын 16 дугаар зөрлөгийн хоёр давхар 16 айлын орон сууцны 3 өрхийн хана таазанд цууралт өгсөн мэдээлэл байгаа аж.

Монгол орны хувьд газар хөдлөлийн чичирхийлэл мэдээлэх 25-26 станцыг 250-300 км зайтай байршуулжээ. Нийслэлийн эргэн тойронд 16-17, олон улсын гээд нийт 30 станц 60-70 км зайтай байрлан, 1-2 минутад мэдээлэл дамжуулдаг. Харин Япон улсад газар хөдлөлийн чичирхийллийг мэдэгдэг 6-7 мянган станц хоорондоо 20 км зайтай байрлаж, нэгэндээ хэдхэн секундэд мэдээлэл дамжуулдаг аж.

“Монгол орны Алтай, Хангай, Хөвсгөлийн нуруунд газар хөдлөлийн идэвхтэй том хагарлууд бий. Энэ дагуу шилжилт хөдөлгөөн хийн, огцом хөдлөхөд газар хөдлөл үүсдэг. Сүүлийн жилүүдэд нийслэл, Дархан, Эрдэнэт хотод хүн амын нягтаршил ихэслээ. Газар хөдлөлийн аюулаас сэргийлэх, учирч болзошгүй гамшгийг тооцоолж, хот сууринг зөв төлөвлөж, барилгыг стандартын дагуу зөв барих нь чухал"-ыг тэрбээр дурдав.

Сүүлийн үед газар хөдлөх чичирхийллийн тоо давтамж 10 жилийн өмнөхөөс 10 дахин ихэссэн дүн мэдээг ОБЕГ-аас гаргасан нь бий. Монгол орны нутгийн дэвсгэрт өнгөрсөн онд 44 462 удаа газар хөдөлснийг бүргэжээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Сэтгэгдэл бичих