Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 218 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 12 605 хүнд шинжилгээ хийжээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 176 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5 тохиолдол батлагджээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5610 болж байгаа бөгөөд үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 5074, Улаанбаатарынх 4650, аймаг, орон нутгийнх 424 болжээ.
Сүүлийн 24 цагт 189 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 3947 болж байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Увс, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1367 хүн эмчлүүлж байгаагаас 1138 нь хөнгөн, 207 нь хүндэвтэр, 18 нь хүнд, дөрвөн хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.