Энэ сарын 21-22-ны өдөр Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” рашаан сувиллаас ирсэн 10 хүний нэг нь хүүхэд аж. Нийт 9 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд 5 иргэний хариу эерэг гарсан. Харин гуравдугаар сарын 12, 13, 17-ны өдөр тус сувилалд амарч, эмчлүүлсэн 7 иргэнд шинжилгээ хийхэд 12-ны өдөр ирсэн гэр бүлийн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарч, хоёр өдрийн шинжилгээгээр долоон тохиолдол бүртгэгдлээ.
Дээрх иргэд Шарын гол сумын харъяат аж. Сүүлийн батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтал 139 хүнийг тандалт судалгаагаар тогтоогоод байна. Өчигдөр хариу нь эерэг гарсан 5 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байна. Бага насны нэг хүүхдийг ээжийнх нь хүсэлтээр Нэгдсэн эмнэлэгт хамтад нь хэвтүүлсэн аж. Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байгаа талаар Онцгой комиссоос мэдээлэв.
Гэр бүлийн хоёр тохиолдлын ойрын хавьтлуудаас Дархан суманд 22 нь байгаа бөгөөд бүгд 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойших хавьтлууд аж. Харин 108 иргэн Шарын гол суманд, 9 иргэн Сэлэнгэ аймгийн нутагт байгаа ажээ.. Эдгээр иргэдээс нарийвчилсан шинжилгээг авах ажил үргэлжилж байна. Халдвар авсан хоёр иргэн энэ сарын 22-ны өдөр Наурызын баяр гэртээ тэмдэглэж зочин урьсан, мөн айлд уригдаж очсон гэсэн өгүүлэмжтэй байна.
Өнөөдрийн байдлаар Дархан, Орхон, Хонгор суманд үйл ажиллагаа хэвийн байгаа бөгөөд ойрын хавьтлын 22 иргэний хариу хэрхэн гарахаас шалтгаалж Дархан суманд ямар арга хэмжээ авахыг шийдэх аж. Аймгийн Онцгой комиссын өгсөн мэдээлэлд халдварын тархалтыг тогтоож ААНБ, иргэдийн үйл ажиллагааг хэвийн байлгах бодлого чиглэл баримтлан ажиллаж байна гэв. Эхний 5 тохиолдлын ойрын хавьтлын 11 хүнийг мөн Улаанбаатар хотод очиж илэрсэн иргэний ойрын хавьтлын 9 хүн тусгаарлах байранд байна.
Аймгийн Онцгой комисс орой 17.00 цагт хэсэгчилсэн байдлаар дахин хуралдана. Хурлын дараа гаргасан шийдвэрээ танилцуулах ажээ.