Сүүлийн 24 цагт коронавирусний 206 тохиолдол илэрлээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 206 хүнээс коронавирус илэрлээ.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 12 326 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 191 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Дархан-Уул аймагт долоо, Төв аймагт гурав, Хөвсгөл аймагт нэг, Увс аймагт  хоёр хүнээс халдвар илэрчээ. Түүнчлэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан эрүүл мэндийн хоёр ажилтан коронавирусээр халдварлажээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5392 болж байгаа бөгөөд үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 4856, Улаанбаатарынх 4474, аймаг, орон нутгийнх 382, гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 426 боллоо.

Сүүлийн 24 цагт 152 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 3758 болж байна. Түүнчлэн Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байсан дөрвөн хүн эмнэлгээс гарснаар тус суманд бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол бүрэн эдгэрчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Увс, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1419 хүн эмчлүүлж байгаагаас 1218 нь хөнгөн, 183 нь хүндэвтэр, 14 нь хүнд, дөрвөн хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Сүүлийн үед нийслэлд халдварын тоо нэмэгдэж байгаа тул хувь хүмүүс нийгмийн харилцаагаа аль болох багасгах, найз нөхөд, хамт олноороо цуглахгүй байх, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байх, айлд зочлохгүй байх, гэртээ хүн хүлээж авахгүй байх зэрэг өөрийгөө халдвараас сэргийлэх, бусдад халдвар тараахгүй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-өөс санууллаа.

Сэтгэгдэл бичих