Сансрын нисэгч Ж.Гүррагчааг "Чингис хаан" одонгоор шагнав

оруулсан Алсын Хараа

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гаргаж БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор өнөөдөр шагналаа.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголчуудын язгуурын дээд шүтээн, сэтгэлгээний гүн бэлгэдэл нь сансар огторгуйн чанадад орших мөнх тэнгэр ба замбуу тив гэх дэлхий байжээ. Сансар огторгуйг танин мэдэх хүн төрөлхтөний хүсэл, мөрөөдөл нь шинжлэх ухааны гайхамшигт нээлтэд хөтөлж 60 жилийн өмнө сансарт анх хүн ниссэн байна. 40 жилийн өмнөх энэ өдөр 22.40 цагт Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа, ОХУ-ын иргэн В.А. Жанибеков нарын хамтарсан баг "Союз-39" хөлгөөр сансарт нисэж, гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан билээ. НҮБ-ын гишүүн 194 улсаас 36 нь сансарт иргэнээ нисгэсэн. Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь улс, Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь хүн болсон. Монгол хүн сансарт ниссэнээр манай улсад сансар судлал хөгжих эхлэлийг тавьжээ. БНМАУ, ОХУ-ын баатар Ж.Гүррагчаа бол Монголчууд төдийгүй, дэлхийн бахархал мөн. Дэлхий дахинд монголын суу билгийг алдаршуулж, эх оронч үзэл, үндэсний бахархалыг бадраасан гавьяаг үнэлж, Төрийн дээд шагнал - тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонгоор түүнийг шагнаж байна" хэмээсэн юм.

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, "Хамтарсан сансрын нислэгт олон хүний хөдөлмөр, бүтээл шингэсэн. Маш олон байгууллага, эрдэмтэн, судлаачдын үйлсээр дээд цэг нь болсон сансрын нислэгт биеэр оролцсонд намайг өндрөөр үнэллээ. Энэ бол сансрын нислэгт оролцсон бүх хүмүүсийг үнэлж байгаа явдал юм. Буян хишгээ хайрладаг Монголын ард түмэндээ гүн талархал илэрхийлье" хэмээв.

1981 оны гуравдугаар сарын 22-нд БНМАУ-ын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын иргэн, сансрын нисэгч В.А.Жанибековын хамтарсан баг Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн билээ.  Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхных бөгөөд Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн түүхэнд бичигдсэн юм.

Ташрамд дурдахад, 2005 оноос хойш "Чингис хаан" одон гардуулж эхэлснээс хойш нийт 12 эрхэм хүртээд байна. Уг шагналыг Чингис хааны мэндэлсэн өдрөөр олгодог уламжлалтай ч цар тахлын нөхцөл байдлын улмаас олгохыг хойшлуулаад байсан юм.

"Чингис хаан" одонг дараах эрхмүүд хүртжээ.

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  • 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  • 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  • 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг

Сэтгэгдэл бичих