Монголын анхны нарны цахилгаан станцыг Япон компани байгуулна

оруулсан Алсын Хараа

Японы “JGC Holdings” компани Монголын анхны нарны цахилгаан станцын зураг төсөл, бүтээн байгуулалтыг хийхээр болжээ.

Монголын Эрчим хүчний яам 5 мВт-ын хүчин чадал бүхий нарны станц барих гэрээг “JGC”, Японы “NGK Insulators” болон дотоодын “MCS International” компанитай байгуулжээ. Энэхүү гэрээний үнийн дүн хараахан тодорхойгүй байна.

Япондоо нефть боловсруулах үйлдвэр, нефть химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтаар тэргүүлэгч компаниудын нэг болох “JGC” зөвхөн сэргээгдэх гэлтгүй эрчим хүчний бусад төслүүдийн тоо нэмэгдэнэ гэж найдаж байна гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Нарны цахилгаан станцыг байгуулах ажил Улаанбаатар хотоос баруун зүгт 1100 км зайд оршдог Улиастай суманд ирэх сараас эхлэх бөгөөд станцын үйл ажиллагааг ирэх оны хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү станц нь Улиастайн 20 мянга орчим оршин суугчийн эрчим хүчний хэрэгцээг хангах төлөвтэй байна.

“NGK” компани өвөлдөө цельсийн -40 хэмд хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс нөхцөлд тохирсон цэнэг хураагуурыг үйлдвэрлэх бол “MCS International” компанийн хувьд станцыг байгуулагдсаны дараах үйл ажиллагааг хариуцах ажээ.

“Fuji Keizai” судалгааны фирмийн тооцоолж буйгаар, цахилгаан байгууламж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэглэгддэг цэнэг хураагуурын зах зээл 2035 он гэхэд 2019 оныхоос ойролцоогоор гурав дахин өсөж, 1.23 их наяд иенд /11.3 тэрбум ам.доллар/ хүрэх төлөвтэй байна.

Монголын төсөл нь хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад туслалцаа үзүүлэх Японы хөтөлбөрийн шалгуурыг хангажээ. Тодруулбал, энэхүү төсөл нь Японы нүүрсхүчлийн давхар ислийн жилийн ялгарлыг 6423 тонноор бууруулах төлөвтэй байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих