Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 210 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 210 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 10 049 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 206 нь Улаанбаатар хотод, гурав нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Будапешт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Үүнээс 185 нь ойрын хавьтал бөгөөд 25 хүний халдвар авсан эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5186 болж байгаа бөгөөд үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 4652, Улаанбаатарынх 4284, гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол 426 боллоо.

Сүүлийн 24 цагт хүн 129 эдгэрснээр нийт эдгэрсэн хүний  тоо 3606 болж байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Завхан, Төв, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1562 хүн эмчлүүлж байгаагаас 1209 нь хөнгөн, 180 нь хүндэвтэр, 15 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Сэтгэгдэл бичих