Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уурхайчдад вакцин хийж эхлэх гэж байгаатай холбогдуулан дархлаажуулалтын 4 багийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллав.
Энэ сарын 18-наас экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс уурхайн ажилчид вакцинд хамрагдаж байна. Эхний ээлжинд Тавантолгой болон Нарийн сухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар 10200 тун вакциныг хүргэлээ.
Мөн салбарын сайд нүүрс тээвэрт үүсээд буй нөхцөл байдалтай танилцсан юм. Оюу толгой компанид бүртгэгдсэн коронавирусын тохиолдлоос үүдэн өмнөд хөрш хилээр нэвтрүүлэх нүүрс болон баяжмал тээвэрлэлтийн машины тоог сүүлийн өдрүүдэд бууруулсан.
Энэ асуудлаар Г.Ёндон сайд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цай Веньруйтай энэ сарын 17-ны өдөр утсаар ярьж мэдээлэл солилцсон байна.
Элчин сайд Цай Веньруй: “Нүүрс тээвэрлэгч автомашины тоог бууруулсан нь Оюу толгой компанид бүртгэгдсэн тохиолдолтой холбоотой болохыг мэдээлээд нөхцөл байдлыг харгалзан үзэж асуудлыг эргэн хэвийн горимонд оруулах боломжтой” гэж хэлсэн юм байна.
Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, тээврийн компаниуд болон вакцинд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн нийт 298 аж ахуйн нэгжийн 39454 ажилчдын судалгааг УУХҮЯ-аас ЭМЯ-нд хүргүүлэн үүний дагуу дархлаажуулалтыг эхлүүлээд байна.