Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 7 дахь өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Митакэүми-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж 6 даваа, нэг унаатай явна.
Харү башёг өнөөдрийн байдлаар Чиёонокүни /М-9/, Комүсүби Такаясү, Сэкиваке Тэрүнофүжи нарын 3 бөх 6 даваатай тэргүүлж байна. Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ Озэки Асанояамаг окүридаши мэхээр унагаж 3 даваа, 4 унаатай бол Асанояама 2 унаатай боллоо.
Харин Ичиножёо А.Ичинноров /М-6/,Тобизарюү /М-8/-д ошидаши мэхээр ойчиж даваа, унаа 4-3 боллоо. Энэ өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Котоновака /М-8/-тай учраа тааран, түүнийг ошидаши мэхээр хаяж, 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/ энэ өдөр Мидорифүжи /М-10/-тай барилдаж, түүнийг макиотоши мэхээр хаяснаар 5 даваа, 2 унаатай башёг тэргүүлэгчдийг 5 бөхийн хамт нэхэж байна.
Өнөөдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Аойяама/М-12/-тай хүч үзэж, түүнийг ёрикири мэхээр унагаж, тэд адилхан 4 даваа, 3 унаатай болов.
Өнөөдрийн байдлаар энэ башёд хүч үзэж байгаа 3 Озэки цолтноос Шодай, Шиманоүми/М-3/-д уватэнаге мэхээр хаяж, 4 даваа, 3 унаатай байгаа бол Такакэйшо энэ өдөр Мэйсей /М-3/-гийн ошидаши мэхэнд унаж 4 даваа, 3 унаатай боллоо. Озэки Асанояама 2 унаатай башёг үргэлжлүүлж байгаа юм.