Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэг иргэн 15 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Яг одоо бүрэлдэхүүн хэргийн газарт шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл алга. Цагдаагийн байгууллагад хоёр дуудлага ирсэн. Тодруулбал, өнөөдөр 12:24 цагт "15 давхрын цонхон дээрээс хүн үсрэх гээд байна" гэж ирсэн бол 3 минутын дараа буюу 12:27 цагт "Үсэрчихлээ" гэсэн дуудлага ирсэн байна.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элизабет" хотхоны 214 байрнаас хүн унаж, нас барсан гэсэн дуудлага өнөөдөр 12.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Талийгаач 38 настай тус хотхонд оршин суудаг эмэгтэй байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад янз бүрийн таамаг мэдээллүүд гарч байна. Тийм учраас товч мэдээлэл өгье. Талийгаач гэр бүлийн хүнтэйгээ гэр бүлийн маргаантай байсан гэдэг мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор түүний нөхөр болох 39 настай иргэнийг саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Тус хороонд болж байгаа жагсаал, хууль бус ажиллагаа болж байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр улбар шар төвшинд шилжсэн. Энэ үед олныг хамарсан жагсаал цуглаан хийх нь хуулиараа хориотой. Тэгэхээр иргэд олон нийт, сэтгүүлчдээс хүсэхэд энэ хэргийн талаар эцэслэн нотлогдоогүй мэдээлэл өгөхгүй байхыг хүсье. Талийгаач хөл хориог эсэргүүцэж, жагсаалд оролцож байсан гэдэг нь тогтоогдоогүй" гэв.
Мөн тэрбээр тусгаарлах байранд байсан иргэн цонхоор унаж, нас барсан хэргийн талаар мэдээлэхдээ "Хэргийн газар хийсэн урьдчилсан үзлэгээр цонхоор даавуу унжуулж, боосон байсан. Тухайн иргэн гуравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Дүүргийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Шаардлагатай гэж үзвэл прокуророос зөвшөөрөл авч хэргийн талаар мэдээллэх ёстой" гэсэн юм.