Хууль бусаар олгосон газрыг чөлөөлж, хавдрын оношилгооны төв байгуулна

оруулсан Алсын Хараа

Хавдар судлалын үндэсний төвд хавдрын эрт үеийн илрүүлгийн оношилгооны төв барихаар төлөвлөжээ.

Гэтэл тус газарт 64 машины гарааш байгааг удахгүй чөлөөлнө гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ХСҮТ-ийн ажил байдалтай танилцах үеэр хэллээ.

Хувийн компаниуд ХСҮТ-ийн эргэн тойронд 1992 оноос хойш газрын зөвшөөрөл авч, гарааш барьснаар хувийн өмч болжээ. Иймд газрын албанаас хууль, журмын дагуу иргэдтэй тохиролцож, газрыг нь чөлөөлөх аж.

Засгийн газрын шийдвэр, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулснаар төрийн байгууллагын газраас дураараа газар шилжүүлж авахыг 2017 оноос зогсоосон. Хууль бусаар олгосон, барилга, байшин бариагүй газруудыг хүчингүй болгож, тухайн байгууллагад нь эргүүлэн олгож байгаа.

ХСҮТ-ийн хувьд 1998 онд таван га газартай байв. Өнгөрсөн онд зөвшөөрөлгүй барьсан барилга, таван машины гарааш, хашаа байсан дөрвөн гарцыг өнгөрсөн онд чөлөөлсөн, энэ онд 200 орчим байршилд ийм ажил хийх юм.

Хотын дарга  Д.Сумъяабазар "Хот төлөвлөлтийн дагуу алдсан газраа буцаан авна. ХСҮТ-ийн алдсан газрыг мэргэжлийн байгууллага, газрын алба ИТХ-аар оруулж, Засаг даргын захирамж гарна. Хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа тул хавдрыг эрт шатанд нь илрүүлэх оношилгооны төв байгуулах нь чухал. Хавдартай өвчтөн эмнэлэгт цаг аваад үзүүлэх гэж хүлээсээр хугацаа алддагийг засаж, зөв зохион байгуулахад мэргэжлийн байгууллагаа дэмжинэ" гэжээ.

Сэтгэгдэл бичих