/BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Oxford-AstraZeneca”-гийн “COVID-19”-ийн вакцин аюулгүй гэдгийг олон нийтэд батлан харуулахын тулд уг вакциныг хийлгэнэ гэдгээ мэдэгдэв. Өдгөө 56 настай Б.Жонсон ард иргэддээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалаад, Англид хөл хориог цуцлах төлөвлөгөө урьдчилсан тооцоолсны дагуу хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэжээ.
Мөн вакцины нийлүүлэлт буурсныг үл харгалзан энэхүү төлөвлөгөөнд "өөрчлөлт орохгүй" гэдгийг мэдээлсэн байна. Европын Эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакциныг “аюулгүй, үр дүнтэй” гэдгийг баталсны дараа хэд хэдэн орон уг вакцинаар дархлаажуулах аянаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа юм.
“AstraZeneca”-гийн вакцин аюулгүй, харин “COVID-19”-өөр халдварлах нь аюултай. Тиймээс бид бүгд ээлжээ ирэх үед вакцин хийлгэх нь тун чухал байна” гэж Б.Жонсон мэдэгджээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард коронавирусний халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Ерөнхий сайд баасан гарагт “AstraZeneca”-гийн вакцины эхний тунг хийлгэх ажээ.