/TASS/. Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга, Оросын тулаанч Хабиб Нурмагомедов спортын замналаа албан ёсоор өндөрлөжээ. Энэ тухай “UFC”-гийн тэргүүн Дэйна Уайт “Твиттер” хуудсандаа мэдэгдэв.
“Хабиб Нурмагомедов мэргэжлийн замналаа албан ёсоор дуусгалаа. Таны хэрхэн хөдөлмөрлөхийг харах гайхалтай сайхан байлаа. Бүх зүйлд тань талархаж байгаа бөгөөд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” хэмээн Уайт тэмдэглэжээ. Түүнчлэн америкийн тамирчин Майкл Чендлер, бразилын тулаанч Шарлис Оливейра нарын хооронд болох аваргын бүсийн төлөөх “UFC 262” тэмцээн тавдугаар сарын 15-нд болно гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Х.Нурмагомедов Америкийн тамирчин Жастин Гэжитэй хийсэн тулаанд боох мэхээр ялж, “UFC”-гийн хөнгөн жингийн аваргын цолыг гурав дахь удаагаа хамгаалсан юм. Тулааны төгсгөлд Х.Нурмагомедов мэргэжлийн замналаа өндөрлөнө гэдгээ мэдэгдсэн. Өдгөө 32 настай Оросын тамирчин Х.Нурмагомедов холимог тулааны урлагт 29 удаа хүчээ үзэхдээ нэг ч ялагдал хүлээгээгүй юм.