/BBC/. "Эвтанази" буюу эдгэршгүй өвчин туссаны улмаас тэсэхийн аргагүй өвдөлт мэдэрч буй хүний зовиурыг эцэс болгохын тулд өөрийнх нь хүсэлтээр үхүүлэхийг хуулиар зөвшөөрөх тухай хуулийг баталсан Европын дөрөв дэх улс Испани болжээ.
Уг хуулийн төслийг Испанийн парламентын доод танхим пүрэв гарагт төвч болон зүүний үзэлт намуудын дэмжлэгтэйгээр сайшаан баталжээ.
Энэхүү хууль нь тэсэхийн аргагүй өвдөлт мэдэрч буй эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүст өөрийнх нь хүсэлтээр эмчилгээг зогсоож, зовлонгоос салгах шийдвэр гаргах боломжийг олгох юм.
Уг хууль батлагдахаас өмнө Испанид өвчтөний амь насыг хиймлээр тогтоохоо болиход нь тусламж үзүүлсэн тохиолдолд 10 хүртэлх жилийн хугацаатай шоронд хорих шийдвэрийг гаргадаг байжээ.
Үүнтэй холбогдуулан Испанийн Ерөнхий сайд Педро Санчес “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, “Бид илүү хүмүүнлэг, шударга, чөлөөтэй болсон. Нийгмийн шаардлагад нийцсэн эвтаназийн тухай хууль биеллээ оллоо” гэжээ.
Эвтаназийг дэмжигчид ийм хууль баталсныг сайшаан дэмжиж байсан бол консерватив үзэлтнүүд болон шашны бүлгүүд зэмлэн буруушаав.
Одоогоор Бельги, Люксембург, Нидерланд, Канад, Колумб гэсэн улсуудад л эвтаназийг хуулиар зөвшөөрчээ.
Португалын парламент мөн ийм хуулийг батлахыг зорьж байсан хэдий ч дээд шүүх уг саналыг үндсэн хуулийн бус гэж үзэж, хэрэгсээгүй байна.