Б.Баасанцогтын "байгуулсан" шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?

оруулсан Алсын Хараа
Б.Баасанцогтоос олдсон маш ноцтой баримт
Баттулгын Баасанцогт гэж өмгөөлөгчийг бүгд мэддэг болсон. Шүүгч нартай наргисан. Дараа нь алга болсон. Олдсон. Тэгвэл түүнээс маш ноцтой баримт олджээ.
Томоохон гэмт хэргүүдийн хувь заяатай холбоотой гэж болох төлөвлөгөөнүүд гарч ирсэн байна.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, “Хар” хэмээх Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар:
w“Шүүхээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх (Эрсдэл нь улс төр, УИХ-ын гишүүний бүрэн эрх, ач холбогдол нь шүүх хуралдааныг хийх, хариуцлага, шударга ёс), Б.Отгонбаатарын хэргийг тусгаарлаж, гол хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх, ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан хууль бус гэрээ, мөнгө угаах гэмт хэрэг, шийтгэсэн мэтээр үндсэн хэргийг хааж, замхруулах, хэлбэрийн төдий гэмт хэрэгт ял шийтгэж зөрчилдөөнийг хурцатгах, Ж.Эрдэнэбат, Ганбат, Мандахбат, Түвшинжаргал үлдэх” гэсэн байна.
С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн тухайд
“Шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 15, шүүх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, дараа нь С.Баяр, Ч.Давааням, С.Баярцогт нарын хэргийг тусгаарлах, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Ариунсан, хоорондоо шууд хамааралгүй гэмт хэргийг нэгтгэж нэг хэрэг болгосон гэх” гэжээ.
Б.Хурц нарт холбогдох хэрэг
“Шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 8, шүүх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, ингэснээр цагдан хорих, эсхүл шүүхийн харьяалал өөрчлөх, хэрвээ шүүсэн нөхцөлд хэргийг С.Зоригийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож шийдвэрлэх” гэсэн байна.
Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг
“Шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 8, шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх (Дотоод зөрчилдөөн, 2021 оны сонгууль, мөн 2020 оны сонгууль намын хүмүүсээ намнасан гэх сөрөг PR), хэргийг шийдвэрлэхдээ хорих, торгох, хэрэгсэхгүй болгох гэсэн дарааллаар” гэжээ.
60 тэрбумын хэрэг
-“Мөрдөн байцаалтад буцаасан захирамж бичгээр гараагүй байгаа. Шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан, (ингэсний ач холбогдол, цаг хугацааг хэмнэх нь Доржзодовт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэх, алдааг засаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд өгөх), эсэргүүцэл бичих, хэрвээ давж заалдах шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр анхан шат руу буцаах, мөн анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэвэл цаг хугацаа алдана” гэсэн байна.
Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэрэг
“Шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 6-нд болно. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, үүнд Д.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхэд саад болох, Д.Ганбат, Н.Золжаргал нарт холбогдох хэргийг анхаарах” гэжээ.
Энэ төлөвлөгөөг хэргийн оролцогчид мөн хууль хяналтын байгууллагынхан маш сайн ойлгоно. Энд нэр дурдагдсан зарим хэрэг нь энэ төлөвлөгөөний дагуу явж, зарим нь хаа нэгтээ нь гацчихаад байгаа ажээ.Өөрөөр хэлбэл, хууль, шүүхийн ажилтнуудын “шөнө дунд”-ын сүлжээ буюу Б.Баасанцогтын байгуулсан “мафи”-ийн жинхэнэ ажил илрэв үү гэх хардлага, нөхцөл байдал хоёр зэрэг гарч ирээд байна.
Б.Баасанцогтын ил хөрөнгийн талаарх мэдээлэл
“Жи мобайл” ХХК, 2012-2017 онд МИАТ-ийн Захиргаа, эрх зүйн газрын захирал, Хэлтсийн даргаар ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд “өмгөөлөл”-ийн салбартаа идэвхтэй ажилласан. Тэр ч байтугай түүнийг ҮАБЗ-ийн зөвлөл, ЕТГ хавиар ажил үүрэг гүйцэтгэдэг гэсэн мэдээлэл тарсан. Гэхдээ ҮАБЗ-өөс мэдэгдэл гаргаж үүнийг үгүйсгэсэн. Б.Баасанцогт нь “Жи Эйч Кэй” ХХК, Өмгөөллийн “Би Өү Ди партнерс” нөхөрлөлийн 10 хувийг эзэмшдэг. 90 хувийг Н.Энхзаяа эзэмшдэг байна.
Дашрамд дурдахад Б.Баасанцогтын нэр дээрх хөрөнгө бэл сүүлийн жилүүдэд огцом нэмэгджээ.
Б.Баасанцогтын нэр дээр:
Орон сууц
2013 оны есдүгээр сараас Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг дахь 57 дугаар байрны ... тоот орон сууц, зогсоол.
2019 оны есдүгээр сарын 2-ноос Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Тайм Скүэр” дэх 509 дүгээр байрны ... тоот дахь орон сууц.
“Ривер Резиденс”-д шинэ байр захиалсан, хүлээж байгаа.
Автомашин
2018 оны зургадугаар сарын 14-нд 2014 онд үйлдвэрлэгдсэн Тoyota “Prius”,
2019 есдүгээр сарын 24-нд 2009 онд үйлдвэрлэгдсэн Тоyota “Prius”,
2019 оны аравдугаар сарын 9-нд 2018 онд үйлдвэрлэгдсэн LX570,
2020 оны нэгдүгээр сарын 2-нд 2014 онд үйлдвэрлэгдсэн BMW,
2021 оны нэгдүгээр сарын 12-нд 2020 онд үйлдвэрлэгдсэн Landcruiser-200 автомашинуудыг эзэмшсэн.
Б.Баасанцогтын эхнэрийн нэр дээр Чингэлтэй дүүргийн VI хороон дахь орон сууц 2013 оны есдүгээр сарын 4-өөс өмчлөгчөөр бүртгэгдсэн. Мөн 2018 онд үйлдвэрлэгдэж, 2019 оны есдүгээр сарын 1-нд орж ирсэн “Mercedes Benz G-500” автомашиныг 2020 оны гуравдугаар сарын 19-өөс эзэмшиж байгаа.
Б.Баасанцогтын нуугдмал байж болзошгүй хөрөнгийн мэдээлэл
Б.Баасанцогт нь “Найман шарга” дээр байрладаг “Сайред” ББСБ-аар олон удаагийн давтамжтайгаар тогтмол, 50 мянган ам.долларыг төгрөгт хөрвүүлэн солиулжээ.
Б.Баасанцогтын нуугдмал хөрөнгөө МИАТ-д 2015 оноос конторын үндсэн ажилтнаар ажиллаж буй өөрийнхөө дотно харилцаатай эмэгтэй М, түүний гэр бүлийнхнээр дамжуулан “эзэмшдэг” байж болзошгүй ажээ.
Учир нь найз бүсгүй М-ийнх нь дүү мөн л М гэх эмэгтэй байдаг. Түүний эзэмшдэг харилцах гурав, хадгаламжийн нэг дансанд их хэмжээний мөнгө байдаг.
Дүү М нь:
2019 оны гурав­дугаар сарын 1-нээс 2009 оны Lexus HS250H авто­машин.
2019 оны гурав­дугаар сарын 7-нд 2007 оны Тoyota “Prius” автомашин.
2019 оны наймдугаар сарын 21-нээс Lexus RX-350 автомашинуудыг өмчилсөн.
Мөн түүний нэр дээр:
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” дахь орон сууц 2016 оны долдугаар сарын 8-наас бүртгэгдсэн. Тухайн орон сууцанд өөр хүмүүс амьдардаг.
Түүнчлэн Б.Баасан­цогтын найз бүсгүй М нь:
2021 оны нэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Мандала” хотхонд орон сууц өмчилж авсан байна.
Мөн Б.Баасанцогт М бүсгүйн эцэг эхийн түрээсийн байрны төлбөрийг нь төлдөг аж. Бас бүсгүйн төрсөн ах 2018 оноос ИНҮТ-д удирдах албан тушаалд дэвшиж очжээ.
Маш ноцтой нэг факт нь 2021 оны нэгдүгээр сарын 20-нд шүүгч нар голдуу хууль хяналтын байгууллагынхныг наргиулсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь “Park View” хотхоны 752 дугаар байрны 270 тоот орон сууц нь Б.Баасанцогтын нуугдмал хөрөнгө юм байна. Тухайн орон сууцны гэрчилгээ гараагүй ч урсгал зардлыг нь Б.Баасанцогтын найз бүсгүйн дүү М гэх эмэгтэй төлдөг байна.
2021 оны нэгдүгээр сарын 20-нд юу болсон бэ?
Тэгвэл эндээс 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тэрхүү орон сууцанд цуглаж “наргисан” шүүгч нар, АТГ-ын ажилтантай Б.Баасанцогт чухам ямар харилцаатай вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Тухайн өдөр Б.Баасанцогт орон сууцандаа өдрийн 11:24 цагт очжээ. 12:09 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Болдбаатар очсон байна. Тэрээр хамгийн түрүүнд буюу 21:53 цагт явсан. Харин 12:14 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, 22:54 цагт очсон АТГ-ын комиссар /сүүлд чөлөөлөгдсөн/ П.Чулуунбаатар нар Б.Баасанцогтын хамт шөнийн 03:09 цагт гарч явсан. Энэ хооронд 22:24 цагт тэр шөнийн “арга хэмжээ”-г зохион байгуулсан гэх Мадам, Yukuna Dori хочтой бүсгүй тэдэн дээр очжээ. Араас нь 23:15, 23:24 цагт нэр бүхий бүсгүйчүүд очоод шөнийн 01:00 цагт гарч явцгаажээ. Харин зохион байгуулагч бүсгүй Б.Баасанцогт нартай гарч явсан байгаа юм.
Б.Баасанцогт нь энэ шүүгчдийг албан тушаал дэвшүүлэх, томилуулах тохироо хийсэн, заримыг нь томилуулсан гэх мэдээлэл эх сурвалжуудаар мэдээлэгдэж байна.
Тэр ч бүү хэл, энэ шүүгчдийн урьд нь шүүсэн хэргүүд ч олны анхаарлыг татаж, тэд чухам ингэж “наргидаг”-ийн ард ямар яриа хөөрөө хийдэг вэ гэсэн асуултыг босгож ирээд байгаа юм.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих