/BBC/. Европын Эмийн агентлаг “Oxford-AstraZeneca”-гийн вакциныг “аюулгүй, үр дүнтэй” гэж үнэлсэнтэй холбогдуулан Европын Холбооны /ЕХ/ хэд хэдэн орон уг вакцинаар дархлаажуулах аянаа дахин эхлүүлэхээр боллоо.
Европын 13 орон цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй байгааг нь харгалзан “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхээ түр зогсоосны дараа Эмийн агентлаг уг вакцинд үнэлгээ хийсэн юм.
Эмийн агентлаг вакциныг ийнхүү аюулгүй гэж дүгнэсний дараа Герман, Франц, Итали, Испани үргэлжлүүлэн хэрэглэнэ гэдгээ мэдэгджээ.
ЕХ-ны орнууд “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх эсэх, вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэхээ бие даан шийдвэрлэх юм. Тухайлбал, Шведийн хувьд “хэдэн хоногийн дараа” шийдвэрээ гаргана гэдгээ мэдэгдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг улс орнуудад пүрэв гарагт уриалаад, вакцины аюулгүй байдлын талаарх үнэлгээний дүнгээ баасан гарагт танилцуулна гэж мэдэгджээ. ДЭМБ-ын шинжээчид цусны бүлэгнэл үүссэн цөөн тохиолдлуудыг голчлон судалжээ.