Халдварын 160 тохиолдол нэмж бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 160 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 24 482 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 141 нь ойрын хавьтал байгаа бөгөөд 19 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна.

Эдгээр хүмүүс БЗД-ийн 4, 14 дүгээр хороо, БГД-ийн 7 дугаар хороо, СБД-ийн 11, 12 дугаар хороо, СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо, ХУД-ийн 20 дугаар хороонд амьдардаг  иргэд аж.

Өнөөдрийн байдлаар, дотоодын халдвар 4125, гадаадаас зөөвөрлөгдсөн 425, Улаанбаатар хотод 3767, аймаг орон нутагт 358 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 658 тохиолдол бүртгэгдсэнээс 3 296 нь эдгэрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1284 хүн эмчлүүлж байгаагаас 1138 нь хөнгөн, 136 нь хүндэвтэр, 7 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Халдварын тохиолдлууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул иргэд хамгийн энгийн, үр дүнтэй арга болох гараа угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлт, ариутгалыг тогтмол хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-өөс сануулав.

Улсын хэмжээнд 171 мянга гаруй хүн дархлаажуулалтад хамрагдаад байна

2021 оны 3 дугаар сарын 18-ны 21.00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 106 багийн 743 ажилтан 16 063 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Ингэснээр нийслэлд нийт 171 535 хүнийг “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Тухайлбал, худалдааны байгууллагын 31 513, ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтан 25 731, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 22 774, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 11 403 хүн хамрагджээ. Мөн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж буй жолооч нарыг вакцинжуулахаар Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций суманд дархлаажуулалтын ажил эхлүүлсэн. Ингэснээр улсын хэмжээнд 171 949 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Дэлхий дахинаа коронавирусний эсрэг вакциныг гаргаж авахаар 265 эмнэл зүйн туршилт судалгаа хийж байгаагаас 13 вакцин хэрэглээнд нэвтэрсэн байна. Үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-аас олгожээ.

Тус вакциныг бүртгэн авч шалгах ажил үргэлжилж байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан танилцуулсан юм.

Одоогоор 141 улсад 3 26 сая  856 тун вакцин хийгдээд байна.

Сэтгэгдэл бичих