“COVID-19”-өөр дахин халдварлах тохиолдол харьцангуй ховор байгаа боловч 65 болон түүнээс дээш насныхан нэгээс олон удаа халдварлах магадлал өндөр байна гэж “Lancet” анагаах ухааны сэтгүүлд лхагва гарагт нийтэлжээ.
Данийн Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн судлаачдын мэдээлснээр, “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн дийлэнхэд зургаан сар орчмын дархлаа тогтож байгаа ажээ. Харин дахин халдвар авсан хүмүүсийн мэдээллийг нарийвчлан судлахад дийлэнх нь 65-аас дээш насны хүмүүс байжээ.
Энэхүү судалгаанд “COVID-19”-ийн хоёр дахь давлагаа буюу өнгөрсөн оны 9-12 дугаар сарын үеэрх халдварын үзүүлэлтүүдийг 3-5 дугаар сарын үзүүлэлттэй харьцуулжээ. Ийнхүү харьцуулахад нэгдүгээр давлагааны үеэр “COVID-19”-өөр халдварласан 11068 хүний 72 нь дахин халдвар авсан байна.
Судлаачдын үзэж буйгаар, халдвар авсан өндөр настай хүмүүст 47 хувийн хамгаалалт үүсдэг бол залуу хүмүүст энэ үзүүлэлт 80 орчим хувь байжээ. Хүмүүс нас ахих тусам дархлааны тогтолцоо нь сулардаг тул энэ нь тийм ч гайхшрахуйц үр дүн биш ажээ.
Мөн энэхүү судалгаа нь өмнөх судалгааны үр дүнтэй нийцэж байгаа юм. Өөр судлаачдын тогтоосноор, “COVID-19”-өөр дахин халдварлах магадлал нэгээс бага хувьтай байгаагаас гадна халдвар авсны дараа 5-6 сарын дархлаа тогтож байгаа юм байна.
“Хүн бүр, ялангуяа өндөр настай, “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр илрэх магадлал өндөр хүмүүс вакцинжуулалтад заавал хамрагдах ёстойг энэхүү судалгаа харуулж байна” гэж Данийн Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн судлаачид мэдээлжээ.