Монголын холимог тулааны 4 тамирчны тулаан зарлагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд монголын тулаанчид хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгасаар байгаа юм.
Мэргэжлийн холимог тулааны оргил UFC холбооны “UFC-261” өдөрлөг 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулна. Тус өдөрлөгөөр Д.Батгэрэл АНУ-ын 27 настай тулаанч Кевин Нативидадын эсрэг тулалдана. Өдгөө 31 настай Д.Батгэрэл UFC холбоонд 2 тулаан хийснээс нэг ялж, нэг ялагдсан байна.
Харин түүний өрсөлдөгч Кевин Нативидад өмнө нь LFA холбоонд байсан бөгөөд UFC холбооны анхны тулаандаа ялагдсан бөгөөд Д.Батгэрэл түүний UFC холбооны хоёр дахь өрсөлдөгч юм.
АНУ-ын LFA холбооны “LFA-103” өдөрлөг гуравдугаар сарын 26-ны зохион байгуулагдана. Тус өдөрлөгийн оргил тулаанд Д.Батсүмбэрэл АНУ-ын тулаанч Спайк Карлайлын эсрэг тулалдана. 33 настай Д.Батсүмбэрэл мэргэжлийн холимог тулаанд 7 ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Спайк Карлайл UFC холбоонд 3 тулаан хийсэн бөгөөд нийтдээ 12 тулаанд хүч үзэж 9 ялж, гурав ялагдсан байна.
БНСУ-ын Road FC холбооны “ARC-004” өдөрлөг гуравдугаар сарын 27-нд болно. Тус өдөрлөгөөр Монголын хоёр тамирчин тулалдахаас Н.Чингүнжав БНСУ-ын тулаанч Ян Жи Хогийн эсрэг тулалдана. Н.Чингүнжав 24 настай бөгөөд мэргэжлийн холимог тулааны анхны тулаандаа ялагдсан юм. Харин “ARC-004” өдөрлөгийн оргил тулаан 5 дараалан ялагдаагүй яваа М.Нандин-Эрдэнэ, ушугийн дэлхийн аварга, нутгийн тамирчин 28 настай тулаанч Пак Сьён Мо нарын хооронд болох юм байна.