Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн 4 дэх өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Мэйсэй /М-3/-тэй барилдаж, түүнийг котонаге мэхээр давж 4 даваатай болов.
Тэрбээр өнөөдөр Оношо /М-1/-той барилдана. Харү башёгийн дээд зиндаанд барилдаж байгаа 6 монгол сумочоос 3 даваатай явсан 2 дахь бөх Ичиножёо А.Ичинноров /М-6/ өнөөдөр Эндо/М-5/-д ёрикири мэхээр ойчиж нэг унаатай боллоо.
Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Окиноүми /М-5/-д котонаге мэх хийж хаясан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Мёогирюү / М-4/-д хикиотоши, Чёошома Г.Мөнхсайхан /М-13/, Кайсэй /М-16/-д ёрикири мэхээр тус тус ойчиж тэд адилхан 2 даваа, 2 унаатай болсон байна.
Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Чиёонокүни /М-9/-д окүридаши мэхээр унаснаар 1 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Эхний өдөр өвдөг шороодсон Озэки Шодай 4 дэх өдрийн барилдаанд Хокүтофүжи /М-2/-д ошидаши мэхээр ойчиж 2 даваа, 2 унаатай боллоо. Озэки Асанояама, Оношо/М-1/-той учраа таарч цүкиотоши мэхээр хаясан бол Озэки Такакэйшо Такарафүжи /М-1/-г ошидаши мэхээр унагаснаар хоёул 3 даваа, нэг унаатай байна.