Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөлөө

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүнийхээ тангаргийг өргөлөө. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Анхдугаар чуулганаар тангараг өргөж амжаагүй гишүүн анх оролцсон чуулганы хуралдаанд тангаргаа өргөхөөр заасан. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнөөдрийн чуулганы хуралдаанд анх оролцож байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы хуралдаанд оролцож байр сууриа илэрхийллээ. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тул тангараг өргөх ёслолоо түр хойшлуулахыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүсэв. Тэрбээр, "Ж.Эрдэнэбат бол залуугаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайдын албыг хашсан, хариуцлага ухамсарлах хэмжээний хүн. Одоогийн нөхцөл байдлаар, шүүхээр эцэслэн шийдээгүй, эрүүгийн хэрэг үүссэн байхад яарч тангараг өргөх хэрэг байгаа юу. УИХ-ын гишүүд парламентад орж ирээд хамгаалагдах үйл явц их гарч байна" хэмээгээд, үүнд Ж.Эрдэнэбат гишүүнийг тайлбар өгөхийг хүсэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, "Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа нөхцөлд УИХ-ын гишүүнийг цагдан хорих нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гэж үзээд тухайн үед мэдэгдэл гаргаж байсан. Тухайн үед Ж.Эрдэнэбат гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байсан. УИХ-ын тухай хуулийн 9.1-т зааснаар, гэмт үйлдлийн явцад эсхүл гэмт хэргийн газар нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УЕП-ын газраас УИХ-д оруулж шийдвэрлэдэг. Мөн Үндсэн хуулийн 23.2-т УИХ-ын гишүүний бүрэн эрх төрийн сүлдэд тангараг өргөснөөр эхэлж дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно. Мөн Анхдугаар чуулганы нээлтэд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөхөөр хууль заажээ. Түүнчлэн тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт, асууж үг хэлэхгүй байхаар заасан. Энэ дагуу тангараг өргөх ёслол эхэлж байна" хэмээсэн юм.

Ингээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат чуулганы индрээс “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв.

Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцон цагдан хорьж, улмаар шүүхээс 6 жил хорих ял оногдуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өмгөөлөгч хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 3-нд хянан хэлэлцжээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан байна. Энэ хугацаанд түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргахаар болсон юм.

Сэтгэгдэл бичих