Коронавирусний халдварын 158 тохиолдол нэмэгдэв

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 158 хүнээс коронавирус илэрлээ.  Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 17 044 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 149 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт долоо, Төв аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэнээр аймаг, орон нутагт нийт өвчлөл 358 болж байна.

Шинээр халдварлагсдын 137 нь ойрын хавьтал бол 21 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлох ажил хийж байна. Эдгээр хүмүүс БЗД-ийн 5, 10, 22, БГД-ийн 13, 15, 25 дугаар хороо, СБД-ийн 17, 18 дугаар хороо, СХД-ийн 6,8, 20, 25, 41 дүгээр хороо, ХУД-ийн 18 дугаар хороонд амьдардаг  иргэд аж.

Манай улсад өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын нийт 4 498 тохиолдол бүртгэгдсэнээс 3 212 нь эдгэрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1201 хүн эмчлүүлж байгаагаас 1075 нь хөнгөн, 115 нь хүндэвтэр, 8 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.

89 настай хүн нас баржээ

Сүүлийн үед коронавирусээр халдварласан хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хүмүүсээс 89 настай эрэгтэй 24 хоног эмчлүүлж байгаад өчигдөр нас баржээ. Тухайн иргэн коронавирусний нэн хүнд хэлбэрээр өвчилсөн бөгөөд амьсгалын дутагдал, артерын даралт, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байжээ. Тэрбээр амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна.

Ингэснээр коронавируст халдвартай дөрөв, хавсарсан өвчтэй дөрөв, нийт найман хүн нас бараад байна.

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол өдөрт 100-гаас дээш тоотой бүртгэгдэж байгаа тул иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах, өөрийгөө хамгаалах дэглэм баримтлах, амны хаалт зүүх, гараа сайтар угаах, агаар сэлгэлт тогтмол хийхийг ХӨСҮТ-өөс дахин сануулав.

Нийслэлд өчигдөр 15.748 хүнийг вакцинд хамруулав

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллээр өнгөрсөн 24 цагт нийслэлд “COVID-19”-ийн халдварын эсрэг 15.748 хүнийг хамруулаад байна. Ингэснээр 2 дугаар сарын 23-наас эхэлсэн дархлаажуулалтад нийслэлд нийт 155.489 хүнд вакцины эхний тунг тариад байна.

Вакцинжуулалтыг нийт 41 цэгт, 97 багийн 671 ажилтан ажиллаж буйг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээллээ. Тэрээр вакцин хангамжийн талаар мэдээлэхдээ, манай улс олон улсын хандив, буцалтгүй тусламжаар нийт хүн амыг дархлаажуулах вакцины 11.3 хувийг авч байна. Энд Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар 150 мянга тун “АстраЗенека”, БНХАУ-аас “Синофарм” үйлдвэрийн 300 мянган тунг аваад байна. Япон улсаас тусламжаар 2.6 сая тунг авахаас одоогоор нийлүүлж орж ирээгүй байна.

Сэтгэгдэл бичих