Зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн цонхоор унаж амиа алджээ

оруулсан Алсын Хараа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж, Корпорэйт зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн өчигдөр 23.00 цагийн орчимд цонхоор унаж амиа алджээ.

Урьчилсан байдлаар тухайн иргэн  таван давхрын цонхоороо юм унжуулан буух гэж байгаад амиа алдсан байж болзошгүй байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Корпорэйт” зочид буудалд тусгаарлалтад байсан нэг иргэн нас барсан нь үнэн. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг ганц ганцаар нь тусгаарлаж байгаа. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр тусгаарлалтад байсан иргэн цонхоор буух оролдлого хийсэн байж болзошгүй. Энэ хэргийг эцэслэн шалгаж, шалтгаан нөхцөл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Одоогоор урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй” гэв.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 168 иргэн эх орондоо ирсний 112 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, тав нь өндөр настан, дөрөв нь жирэмсэн иргэн байжээ. Иргэдийг “Тайж”, “Мөнххустай”, “Мичид-2”, “Корпорэйт” зочид буудалд тусгаарласан байна.

Сэтгэгдэл бичих