2021 оны сонгуульд алсаас саналаа өгөх системийн туршилт ОХУ-д гуравдугаар сарын 17-нд эхэллээ.
Цахим санал хураалтын системийг турших хөтөлбөрийг хоёрдугаар сарын сүүлчээр тус улсын Сонгуулийн төв хорооны хуралдаанаар баталжээ.
Уг баримт бичгээс үзвэл, туршилтын бэлтгэл үе шат гуравдугаар сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл, цахим санал хураалтад оролцох хүсэлт хүлээж авах зэрэг үндсэн үе шат дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 18-ны хооронд үргэлжлэх бол, цахим санал хураалтын туршилтыг тавдугаар сарын 12-ны 08:00 цагаас тавдугаар сарын 14-ний 20:00 цаг хүртэл явуулна. Туршилтын эцсийн үе шат тавдугаар сарын 19-21-ны хооронд явагдах аж.
Туршилтын гол зорилго нь сонгуулийн хороод, мөн энэхүү систем өөрөө 2021 оны сонгуульд бэлэн эсэхийг шалгах юм.
Есдүгээр сард болох Төрийн Думын сонгуулийн санал хураалтыг Москва хотыг оруулаад ОХУ-ын зургаан субъектэд цахим хэлбэрээр явуулна гэж тус улсын Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова хоёрдугаар сард мэдээлжээ. Үлдсэн таван бүс нутгийг тэрбээр нэрлээгүй байна. Памфиловагийн хэлснээр, Оросын нийслэл хотын оршин суугчид тусдаа платформоор саналаа өгөх бол үлдсэн субъектүүдэд Сонгуулийн төв комисс Ростелеком, Дижитал хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн яамтай хамтран боловсруулж буй системийг ашиглах аж.
ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар өнгөрсөн онд явуулсан бүх нийтийн санал хураалтын үеэр цахим санал хураалтыг анх нэвтрүүлжээ. Мөн есдүгээр сард Курск, Ярославль мужуудад болсон Төрийн Думын нөхөн сонгуулийн үеэр цахим санал хураалтын хэлбэрийг туршсан байна. Памфиловагийн мэдэгдсэнээр, сонгуульд цахимаар санал өгөх тогтолцоог 2024 он гэхэд орон даяар нэвтрүүлж магадгүй байна.