Олны анхааралд байгаа хэргийг яаралтай шалгахыг УИХ-ын гишүүд шаардлаа

оруулсан Алсын Хараа

Хэвлэл мэдээллээр гарч буй шуугиантай холбогдсон хууль, хяналтын байгууллагын алба хаагчдын асуудлыг яаралтай шалгаж, олон нийтэд мэдээлэхийг ЦЕГ, АТГ, ТЕГ-аас шаардаж албан бичиг хүргүүлэхээ УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр мэдээлэв. 

УИХ-ын даргын захирамжаар нийгэмд шуугиан болж буй хууль хяналтын байгууллагын алба хаагчдын холбогдсон хэрэгт хяналт тавих үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Тус ажлын багийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар багтжээ. Тус ажлын багийн гишүүд хэвлэлийн хуралд оролцсон юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэхдээ, "ҮАБЗ-ийн ажлын албаны нэр бүхий албан хаагчид Монгол Улсын хилээр гарч, буцахдаа их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэх мэдээлэл гарсан. Үүнийг ил тод болгож шалгах ёстой. Учир нь ҮАБЗ-д Төрийн албаны тухай хуулиар, төрийн тусгай алба хаагчид ажилладаг. Энэ хүмүүст дипломат эрх ямба, тусгай чиг үүрэг гүйцэтгэх эрх байхгүй. Гэтэл энэ байгууллагын алба хаагчид хорио цээрийн үед хилээр гарч, ҮАБЗ гэсэн тамга, тэмдэгтэй ачаа, барааг авч ирсэн асуудлыг хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой" хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, "Б.Баасанцогттой холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Хэрэг төлөвлөдөг, шүүгч, прокурорыг нэг дор цуглуулж уулзалт зохион байгуулдаг. Энэ бол хууль, шүүхийн байгууллагын албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй. Энэ хүмүүс ямар нэгэн хэргийг хамтран төлөвлөөд гүйцэтгэдэг нь харагдаж байна. Ариг банктай холбоотой, хүний хувийн өмчийг дээрэмдсэн асуудал харагдаж байна. Хувь хүн өөрийн өмчөө хэн нэгэн, тэр дундаа хуулийн байгууллагын албан хаагчид дээрэмдүүлнэ гэдэг ардчилсан нийгэмд байж болохгүй асуудал" хэмээв.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа эдгээр мэдээллийг хууль, хяналтын байгууллагууд анхааралдаа авч шалгахыг шаардаж, хяналт тавьж ажиллана гэдгийг ажлын багийн гишүүд онцолж байв.

Өнөөдөр сонин болон Зууны мэдээ сонины өнөөдрийн дугаарт "Б.Баасанцогтоос мөнгө авсан шүүгч нарын баримт илэрч эхэллээ" гэсэн гарчигтай мэдээлэл гарчээ. Үүнд таван шүүгч, зургаан шүүхийн Тамгын газрын ажилтанд ойр давтамжтай 50 гаруй сая төгрөг шилжүүлсэн байгааг УИХ-ын гишүүн Г.Дамдинням онцлов.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, "Б.Баасанцогтын хэрэглэж байсан компьютероос нэр бүхий улс төрчтэй холбоотой гэмт хэргийн төлөвлөлт гарч ирсэн. Зарим улс төрчдийн хэрэг энэ төлөвлөлтөөр явсан байна гэдгийг улс төрчид хэлж байна. Тухайлбал, С.Баяр, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Э.Бат-Үүл зэрэг хүмүүсийн хэргийг төлөвлөсөн нотлох баримт байна. Шүүхийн хуулиар шүүгч нар төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах битгий хэл ярьж ч болохгүй. Уулзахдаа протоколтой уулздаг болсон. Гэтэл энэ хүмүүс нэг дор олноор цугларч гэмт хэрэг төлөвлөдөг болсон байна. Хэвлэл мэдээллээр гарч байгаа нотлох баримттай мэдээллийг харахад "хонгил" гэдэг зүйл байгаа гэдэг ойлголт төрж байна" гэлээ.

Мөн тэрээр, "Нотлох баримт үүгээр илэрч эхэлсэн. Цаашид олон зүйл гарч ирэх байх. Хууль, хяналтын байгууллагынхан үүнд холбогдох тайлбар, мэдээллийг хийж, яаралтай хэрэг үүсгэн шалгах, хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгч, төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагыг үе шаттай тавих болно" хэмээсэн юм.

Сэтгэгдэл бичих