/RIA Novosti/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн Ким Ё Жон БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуультай холбогдуулан мэдэгдэл хийжээ.
Хэвлэлүүдэд зориулсан мэдэгдэлдээ тэрбээр БНСУ-тай байгуулсан цэргийн хэлэлцээрээс гарч, Сөүлтэй яриа хэлэлцээ хийх үүрэг бүхий байгууллагуудыг татан буулгана гэж сүрдүүлсэн байна.
БНСУ, АНУ-ын хамтарсан сургуулийг гуравдугаар сарын 8-18-нд явуулна гэж өмнө нь мэдээлсэн юм. Энэ удаад сургуулилалтын цар хүрээг багасгаж, зөвхөн компьютерын симуляцийн хэлбэрээр команд-штабын хосолсон сургууль хийж байгаа ажээ. Цар хүрээг нь ийнхүү багасгасанд коронавирусний цар тахал нөлөөлснөөс гадна холбоотнууд Умард Солонгосоос авч болзошгүй хариу арга хэмжээг харгалзан үзсэн байна. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам БНАСАУ-ыг "уян хатан, ухаалаг" хандана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Ким Ёо Жон иймэрхүү мэдэгдлийг "тэнэг, ихэмсэг утгагүй зүйл" гэж нэрлээд БНСУ-ын эрх баригчдыг “хоосон ярьсан тэнэгүүд" хэмээн мэдэгдсэн байна. Түүний тайлбарласнаар, өнөөг хүртэл БНАСАУ хамтарсан цэргийн сургуулилтыг л эсэргүүцэж байсан бөгөөд цар хүрээ, хэлбэрийн талаар нэг ч удаа дурдаж байгаагүй аж. “Бид үүнийг нэг бус удаа мэдэгдэж байсны зэрэгцээ хүлээцтэй хандаж, түүгээр барахгүй боломж олгож байсан. Гэсэн хэдий ч БНСУ-ын эрх баригчид бүх үндэстнийхээ нүдний өмнө “халуун дулаан марш”-ийн оронд дахин “дайны марш”-ийг сонголоо” гэж Ким Ё Жон мэдэгдэлдээ дурджээ. Түүний мэдэгдлийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг нийтэлсэн байна.