Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчид “AstraZeneca” компанийн коронавирусний вакцины аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ.
"ДЭМБ-ын вакцины аюулгүй байдал хариуцсан шинжээчдийн хороо мэдээллүүдийг судалж, Европын эмийн агентлагтай нягт холбоотой ажиллаж байгаа бөгөөд маргааш уулзалт зохион байгуулна" гэж тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран гарган авсан Их Британи-Шведийн “AstraZeneca”компанийн коронавирусний вакциныг хийсний дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдол гарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан гуравдугаар сарын эхэн үеэс хойш Европын 15 орчим улс уг вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм.
Судалгаагаар “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсэн өвчтөнүүдэд цусны бүлэгнэл үүсэх эрсдэл нэмэгдэх шинж тэмдэг илрээгүй гэж Европын Эмийн агентлаг өмнө нь мэдэгджээ.