Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 127 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр  127  хүнээс коронавирус илэрлээ. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад 11 183 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 126 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт өвчлөл 3 329 болж байна.  Харин гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй аж. Архангай аймагт Улаанбаатар хотоос очсон иргэний шинжилгээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар батлагдаж аймаг орон нутгийн өвчлөл 349 болжээ.

 Шинээр халдвар авсан хүмүүсийн 123 нь ойрын хавьтал бөгөөд 116-д нь эхний шинжилгээгээр, долоон хүнд хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрчээ. Дөрвөн хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлох хавьтал судлалын ажлыг хийж байна. Эдгээр хүмүүс БЗД-ийн 26, 27 дугаар хороо, БГД-ийн 11 дүгээр хороонд амьдардаг аж.

Манай улсад өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын нийт 4 210 тохиолдол бүртгэгдсэнээс 3 083 нь эдгэрээд байна.

Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, Завхан, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 1014 хүн эмчлүүлж байгаагаас 917 нь хөнгөн, 89 нь хүндэвтэр, 5 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж. Халдварын тохиолдол буурахгүй байгаа энэ үед хувь хүн нийгмийн харилцаагаа аль болох багасгах, өөрийгөө халдвараас хамгаалах, бусдад халдвар тараахгүй дэглэм баримтлах, амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлт тогтмол хийхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Халдвар илрүүлэх шинжилгээг өнөөдөр 11 цэгт авч байна

Нийслэлд өнөөдөр "COVID-19"-ийн халдварыг илрүүлэх шинжилгээг 9 цэгт авч байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт 13 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт 2 байршилд буюу 48 болон 69 дүгээр сургуульд, Сонгинохайрхан дүүрэгт мөн 2 байршилд буюу 62 болон 67 дугаар сургууль дээр тус тус шинжилгээ авч байна.

Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Сүхбаатар дүүргийн 31, Хан-Уул дүүрэгт 18 дугаар сургууль, Чингэлтэйд 50 дугаар сургууль, Багануур дүүрэгт Халдвартын тасагт, Налайхад амбулаторийн хуучин байранд, Багахангайд Эрүүл мэндийн төвд тус тус авах талаар ЭМЯ-наас мэдээллээ. Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх аж.

Эдгэснээс хойш 6 сарын дараа вакцин хийлгэж болно

Эрүүл мэндийн яамнаас иргэд коронавируст халдвар аваад эдгэснээс хойш зургаан сарын дараа вакцин хийлгэх чиглэл барьж байна.

Ингэхдээ эсрэг биет үүссэн эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ нь нэлээн өртөг өндөр байдгийг ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр дурдав.

Одоогоор 126 мянга гаруй хүн “Синовак”, “Астразенека” вакцин тариулаад байна. Өнөөдөр 41 цэгт 20 мянган тунг хийхээр төлөвлөжээ. Вакцин тариулаад тухайн хүний биед ямар хариу урвал үзүүлж байгааг ажиглан, гэртээ харьсны дараа ч асуумж бөглүүлж байна. Вакцин хийлгэсэн 120 гаруй мянган хүний 40 орчим хувьд ерөнхий урвалын, цөөн тохиолдолд халуурч, дотор муухайрах, үе мөч янгинах зэрэг  шинж илрээд байгаа аж.

Манай улсад энэ сарын 12-ны байдлаар 0-18 насны 744 хүүхэд халдвар авсан нь нийт бүртгэгдсэн 3733 тохиолдлын 20 хувийг эзэлж байна. Эмнэлэгт 156 хүүхэд эмчлүүлж байгаа. Хүүхдүүдийн 85 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол хилийн чанадаас 22 хүүхэд халдвартай ирснийг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Сэтгэгдэл бичих