Эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудлаар нийтийн сонсгол явуулах тухай хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлэх гэж байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар өнөөдөр мэдээлэв.
Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөж буй бусад хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцод хүнийг эрүүдэн шүүж, харгис, хэрцгий аргаар хэрэг хүлээлгэхийг хориглосон. Гэтэл хууль хяналтын байгууллагын алба хаагчид Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг ноцтой зөрчиж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял оногдуулсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарсаар байгааг мэдээллийн үеэр дурдлаа.
Нийтийн сонсголын тухай хуульд, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гарын үсэг зурж дэмжвэл нийтийн сонсгол явуулах боломжтой. Тиймээс УИХ-ын гишүүдийг уг ажилд нэгдэхийг уриаллаа.
Тухайлбал, Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудал бол С.Зоригийг хөнөөсөн хэргээс тусдаа буюу хэрэг хянан шийдвэрлэх шатандаа хүний эрхийг зөрчсөн гэж асуудалд хандаж байгааг мэдээллийн үеэр дурдлаа.
УИХ үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд Хүний эрхийн зөрчлийн асуудлаар нийтийн сонсгол хийж тухайн асуудлыг олон нийтэд дэлгэн тавьж, зөрчлийг арилгуулах үүрэгтэй. Нийтийн сонсголоос гарсан санал, зөвлөмжийг ҮАБЗ-д хүргүүлж, шаардлагатай тохиолдолд, хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон бусад хуульд зарим өөрчлөлтийг оруулна. Ингэснээр, эрүүдэн шүүсэн гэх буруутай этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах асуудлыг өргөн барих болно гэдгийг мэдээллийн үеэр тодотголоо.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлч нарт үзүүлснээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байна.