“AstraZeneca”: Вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх нотолгоо байхгүй

оруулсан Алсын Хараа

“Манай компанийн “COVID-19”-ийн вакциныг хийлгэсэн хүмүүсийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр вакцин цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх нотолгоо олдсонгүй” гэж “AstraZeneca” компани мэдэгдлээ.

“AstraZeneca”-гийн вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй байгаатай холбоотойгоор хэд хэдэн орон уг вакцинаар дархлаажуулах аянаа түр зогсоосны дараа энэхүү дүн шинжилгээг хийжээ.

“Европын Холбоо, Их Британид “AstraZeneca”-гийн “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн 17 сая гаруй хүний мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр вакцин уушгины эмболизм, гүний венийн судасны тромбоз буюу тромбоцитопени үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх нотолгоо олдсонгүй” гэж компани мэдэгджээ.

Цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэх шалтгаанаар Ирланд, Дани, Норвег, Исланд, Нидерландын эрх баригчид уг вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байгаа юм. Мөн Австри цусны бүлэгнэлтийн эмгэгийн улмаас нас барсан тохиолдлыг судалж байгаатай холбогдуулан ижил шийдвэрийг гаргаад байгаа билээ.

“Улс орнууд урьдчилан сэргийлэх үүднээс вакцинжуулалтаа зогсоосонд тун их харамсаж байна. Ийм шийдвэр нь коронавирусний халдварын тархалтыг сааруулж, цар тахлыг намжаахын тулд хангалттай тооны хүнийг вакцинжуулах зорилтод хүрэхэд бодит хохирол учруулах эрсдэлтэй юм” гэж Их Британийн Засгийн газрын халдварт өвчний тархалтыг хяналтад авах асуудал хариуцсан зөвлөх асан Питер Инглиш “Reuters” агентлагт мэдээлжээ.

Харин Европын Эмийн агентлаг зарим оронд “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг түр зогсоосон нь вакцинжуулалтын хөтөлбөрт нөлөө үзүүлж буй байдал ажиглагдаагүй байна гэж мэдэгджээ.

“AstraZeneca”-гийн мэдээлснээр, одоогийн байдлаар уушгины эмболизм үүссэн 15 тохиолдол, тромбоцитопени үүссэн 22 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа бөгөөд энэ нь улс орнуудад хэрэглэхийг зөвшөөрөөд буй “COVID-19”-ийн бусад вакциныхтай ойролцоо үзүүлэлт ажээ.

Мөн “AstraZeneca”-гийн мэргэжилтнүүд болон Европын эрүүл мэндийн байгууллагууд нэмэлт судалгаануудыг хийж байгаагаас аль нь ч санаа зовохуйц хэмжээний үр дүнг үзүүлээгүй байгааг тус компани мэдэгджээ.

“AstraZeneca”, Оксфордын их сургуулийн судлаачдын хамтран гарган авсан энэхүү вакцин ЕХ тэргүүтэй олон орны зөвшөөрлийг аваад байгаа боловч АНУ-ын эрх баригчид хараахан бүртгээгүй байгаа юм. “AstraZeneca” АНУ-д онцгой байдлын үед хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтээ хүргүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд тус улсад явуулж буй гуравдугаар үе шатны туршилтынх нь мэдээлэл ойрын долоо хоногт гарах төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих