Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөснөөр сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Тус намын даргын сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо дөрвийг нь нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөнө.
Нэр дэвшигчид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсний дараа сонгуулийн сурталчилгаагаа нэг цэгээс нэгэн зэрэг эхэлж буйгаа онцолж хэвлэлийнхэнд товч ярилцлага өглөө.
Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "Миний бие АН-ын даргын сонгуульд "Цуг шинэчилье" гэсэн уриатайгаар оролцож байна. Шинэчлэл бол зөвхөн АН-ын бус, Монгол Улсын асуудал. Энэ намд бүрэн шинэчлэл шаардлагатай гэж боддог. Иргэдийн хүлээж буй асуудал нь АН-ын хагарал. АН гадагшаа тэмцэж, улс төр хийдэггүй, дотоод хямралдаа нэрвэгдсэн нам болж хувирлаа. Тиймээс гадагшаа тэмцдэг, гадаад өрсөлдөөнтэй болсноор цаашдаа шинэчлэл өөрөө бий болно. АН илүү хөнгөн, үзэл баримтлалтай, цахим, хурдтай нам болж өөрчлөх ёстой. Боловсон хүчний бодлогоор, иргэн, төрийг холбох ёстой" хэмээв.
Нэр дэвшигч, Ардчилсан залуусын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, "Монголын ард түмэнд сөрөг хүчин маш их хэрэгтэй байна. Сонгуульд "2024 онд АН-ыг ялуулна" гэсэн уриатай оролцож гурван зорилго тавьж байгаа. Нэгдүгээрт, намын дотоод эв нэгдлийг хангахын төлөө бүх хүчин чармайлтаа гаргана. Хоёрдугаарт, бид бодлогын сөрөг хүчин байх ёстой. Эрх баригчдын алдаа, оноог шүүмжлэх бус ажил хэргийг урагштай явуулах, ард түмний язгуур эрх ашгийг хангахын тулд бодлого гаргадаг хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Гуравдугаарт, бодлогын сөрөг хүчнээс ялагч нам гэсэн зорилгыг тавьж байна. Энэ хүрээнд, 21 аймаг, 9 дүүргийн гишүүд, дэмжигчдийн хамтын оролцоог сайжруулна. Ингэснээр, АН зөвхөн нэг даргын удирдлагад биш, хамтдаа хөгждөг нам болно" хэмээв.
Нэр дэвшигч, МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, "Энэ сунгаанд Ардчиллын таван ялалт зорилгыг дэвшүүлж байна. Бидний судалгаагаар, АН-ын эв нэгдэл хамгийн сөрөг асуудлыг дагуулж байна. Даргын сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс бол өрсөлдөгчид биш. Бидний өрсөлдөөн бол хагарал бутрал, түүнийг ялахын төлөө юм. Монгол Улсад хөгжлийн үзэл санааны хувьсгал хийх ёстой. Улс төрийн хүчний гол зорилго бол Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгууль байдаг. Үүнд ялалт байгуулах ёстой. Эцэст нь, Ардчиллын таван зорилго биелвэл, Монгол Улс, үндэстэн ялах болно" хэмээв.
Нэр дэвшигч, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, "Миний хувьд, "Зогсолтгүй урагшилж, Тогтвортой хөгжье" гэсэн уриатай, "Тогтвортой хөгжил" мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Богино, дунд, урт хугацааны бодлого гэж ажлаа эрэмбэлсэн. Богино хугацаанд, өнөөдөр үүсээд буй талцлыг шийдвэрлэхэд оршино. Ялангуяа, намын дарга төвтэй бодлогоос, гишүүн төвтэй бодлогод шилжих ёстой гэж харж байна. Өмнө нь намын дарга гишүүн хасах, нэмэх зэрэг асуудлыг дангаар шийддэг байсан. Тэгвэл намын гишүүд хамтаар шийдвэр гаргадаг байгууллага болох ёстой. Намын талцал эрх баригчдад боломж олгож байна. Дунд хугацаанд, 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулж, 76 боловсон хүчнээ бэлдэхдээ иргэдийн дунд нэр хүндтэй хүмүүсээс сонгох ёстой. Одоо нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийг бүрдүүлж байна. Тиймээс дунд хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ. Урт хугацаанд, зарим оронд хүсээд ч олдохгүй байгаа энэ ардчиллыг "тордож" авч явна. Ил тод байдаг зүйлүүд өдрөөс өдөрт харанхуй, далд болж эхэлж байна" хэмээлээ.
Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-ны өдөр хүртэл цахим хэлбэрээр болно. Саналыг орон даяар саналын хуудсаар авах бөгөөд Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналын эрхтэй оролцох юм.
Намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан юм. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг санал нэгтэй дэмжиж байгаа юм. Ингэснээр, АН-ын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна.