Энэ жилийн анхны хүчтэй шороон шуурга даваа гаргийн өглөө Бээжин хотыг дайрч, агаарын бохирдол, түгжрэл үүсгэжээ.
Хятадын нийслэл хотын Байгаль орчны хяналтын төвөөс мэдээлснээр, Бээжингийн төвд PM 10 нарийн ширхэгт тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 8000 микрограмм давсан байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тогтоосон хэмжээнээс /шоо метр тутамд 50 микрограмм/ 160 дахин давсан үзүүлэлт ажээ.
Орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагийн байдлаар Дунчэн, Сичэн, Чаоян, Хайдянь зэрэг хотын төвийн дүүргүүдэд PM 10 тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 8108 микрограммд хүрсэн байна. Бээжингийн баруун хойд хэсэгт 6877 микрограмм, баруун өмнөд хэсэгт 7530 микрограмм, хотын зүүн хойд хэсэгт 3461 микрограмм, зүүн өмнөд дүүргүүдэд 5953 микрограмм болжээ.
Шороон шуурганы улмаас зам дээр түгжрэл үүсэж, хотын үзэгдэх орчин 1000 метрээс хэтрэхгүй байгаа аж. Бээжингийн эрх баригчид шороон шуургатай холбогдуулан аюулын шар дохиог асааж, ил задгай талбайд зохион байгуулах арга хэмжээнүүдийг цуцлах, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөж байна.
Цаг уурчдын урьдчилсан мэдээллээр, шуурга мягмар гаргийн өглөө хүртэл үргэлжилж, Бээжингээс гадна Хятадын хойд бүс нутгийг, тодруулбал, Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Тяньжин, Хар мөрөн, Ляонин, Ганьсу, Шэньси, Шаньси, Хэбэй мужуудыг дайрах төлөвтэй байна.
Шороон шуурганы улмаас Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудал 428 нислэгээ цуцалжээ.