Монгол Улс коронавирусний эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн нэг сая иргэнд вакцины эхний тунг хийх зорилт тавьсныг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж НОК-ын 19.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Иргэдээ өнгөрсөн сарын 23-наас эхлэн вакцинжуулж, өнөөдөр хүртэл 100 гаруй мянган хүн хамруулахад 47 цэг 97 баг тогтмол ажиллаж байна. Энэ бүрэлдэхүүнээрээ вакцинжуулах ажлаа үргэлжлүүлэхэд тасралтгүй 56 хоног зарцуулахаар тооцоолжээ.
Тэрбээр, "Астразенека вакцины давтан тунг 8 долоо хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 10-нд, “Синофарм” вакцины давтан тунг 28 хоногийн дараа мөн сарын 7-нд эхлүүлнэ. Дөрөвдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 13-нд шинэ вакцинжуулалт, давтан тарилга зэрэгцээд, эрүүл мэндийн байгууллагад ачаалал нэмэгдэх тул зохион байгуулалтыг ард иргэдэд чирэгдэлгүй байхаар төлөвлөнө. Засгийн газраас баталсан чиглэлийн дагуу 14 байгууллагын ажилчид, эрсдэлт бүлгийн иргэдээ эхний ээлжинд вакцинжуулж байна. Ирэх 7 хоногийн дунд үед 50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 18-25 насныхныг хамруулахаар бэлтгэж байна” хэмээв.