Катар улсын Доха хотноо Ширээний теннисний олимпын эрхийн тэмцээнүүд энэ сарын 14-20-нд зохион байгуулахаар болжээ.
Энэ өдрүүдэд 2 төрлийн эрхийн тэмцээн зохион байгуулах бөгөөд 14-17-нд олимпын эрхийн дэлхийн тэмцээн, харин 18-20-нд Азийн бүсийн олимпын эрхийн тэмцээнийг тус тус зохион байгуулах хуваарьтай юм байна. Ази тивийн олимпын эрхийн тэмцээн 2020 оны 4 дүгээр сард Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулах хуваарьтай байсан ч цар тахлын тархалтын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс эрэгтэй 70, эмэгтэй 60, нийт 130 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа аж. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 тамирчин өрсөлдөхөөр Доха хотноо очоод байна.
Тодруулбал, ОУХМ Э.Лхагвасүрэн, дэд мастер Ж.Мөнхзориг нарын хоёр эрэгтэй, спортын мастер Б.Должинзуу, спортын мастер Б.Болор-Эрдэнэ нарын 2 эмэгтэй, нийт 4 тамирчин оролцох аж. Манай тамирчид тэмцээндээ оролцсоны дараа гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрүүдэд Казахстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирэх юм.