Нийслэлээс зорчих хөдөлгөөнийг 8 аймагт хязгаарлажээ

оруулсан Алсын Хараа

Нийслэлд коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор найман аймаг Улаанбаатараас зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэжээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлснээр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Төв аймагт харьяаллын бус иргэнийг нэвтрүүлэхгүй, зөвхөн аймгийн иргэдийг хүлээн авах Засаг даргын шийдвэр гарчээ. Мөн Архангай аймаг дотроо Чулуут сумаас орох, гарах хөдөлгөөнөө энэ сарын 6-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар мөн хязгаарласан байна.

Иймд Улаанбаатараас дээрх аймаг руу очихоор төлөвлөсөн иргэд зөвхөн тухайн орон нутгийн харьяалалтай байх бөгөөд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ шинжилгээ өгөх шаардлагатай юм. Эдгээр шаардлагыг хангасан иргэнийг аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлэх аж. 

Ташрамд дурдахад, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.1-т зааснаар, бүх шатны Засаг дарга нар нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх эрхтэй байхаар тусгасан байна.

Сэтгэгдэл бичих