Төрийн албаны ерөнхий шалгалтыг 20 аймаг, нийслэлийн Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, ТАЗ-ын гишүүд, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, Төрийн албаны шалгалтын төв комисс, аймаг, нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн танхим болон цахимаар оролцож, төрийн албаны 2021 оны ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд эхлүүллээ.
ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны шинэтгэлийн цөм нь өндөр мэдлэг, ур чадвар ёс зүйтэй хэн боловч ижил тэгш боломж, нөхцөлөөр ажиллах явдал. Төрийн албан хаагч болох эхний алхам нь энэ шалгалт. Орон зайнаас үл хамааран эх орны өнцөг булан бүрээс гарааны тэгш шударга нөхцөлөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг 100 хувь цахимаар зохион байгуулж байна. Төрийн албаны ерөнхий шалгалт нь ганцхан төрийн жинхэнэ албаны нөөц биш үндэсний хөгжлийн нөөц, мэдлэг ур чадварын сан бүрдүүлэх үйл явц юм. Иймд төрд ажиллах эхний шалгуурыг амжилттай давж, Монгол төрийн залгамж болох залуустаа амжилт хүсэж, шалгалт орон даяар эхэлж байгааг” мэдэгдэв.
Энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Төрийн албаны шинэчлэл нь төр захиргааны бүх шатны байгууллага зорилт, чиг үүргээ мэдлэг чадвартай хүний нөөцийн хүчээр хэрэгжүүлэх, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний шинэ хэлбэрүүд бий болгохыг шаардаж байна. Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн чадахуйн зарчимд суурилсан, шатлан дэвших тогтолцоо бүхий, улс төрөөс хараат бус, иргэн төвтэй, жендэрийн мэдрэмжтэй, тогтвортой, мэргэшсэн төрийн албыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад төлөвшүүлэхэд анхаарна” хэмээн онцоллоо.
Ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 13 094 иргэн бүртгүүлснээс нийслэлд 5787, орон нутагт 7307 иргэн шалгалт өгнө. Шалгалт өнөөдрөөс эхлэн 19-нийг хүртэл үргэлжилнэ.