Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлд нийт 67 489 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Өчигдөр 44 цэгт 19643 хүнийг вакцинжуулжээ.
Манай улсад дархлаажуулалтад хэрэглэж буй “Астразенека” вакциныг Европын 8 улсад түр хойшлуулсан тухай мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар Монгол Улс ямар арга хэмжээ авах гэж байна вэ гэсэн асуултад ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хариулахдаа, удахгүй албаны хүмүүс холбогдох мэдээллийг албан ёсоор өгнө гэв.
Тэрбээр, “Астразенека” вакцин хийлгэсэн хүн цусны бөөгнөрлөөс болж нас барсан. Зарим орон энэхүү вакциныг түр хориглосон гэдэг мэдээлэл гарсан. Одоогийн мэдээллээр, Европын найман улс энэхүү вакциныг тарихаа түр хойшлуулсан. Цусны бөөгнөрөл вакцинтай холбоотой байна уу, эсвэл өөр шалтгаанаас болж байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа. ДЭМБ-аас энэхүү вакцин Европын найман улсад болж байгаа үйл явдалтай холбоотой байна уу гэдгийг шалгахаар ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл бий. Монгол Улсын хувьд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа” хэмээн мэдээлсэн юм.