Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр малчид хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 5 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэйг ХХААХҮЯ мэдээлжээ.
Тодруулбал, 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй аж.
УИХ-ын чуулганы энэ оны нэгдүгээр сарын 29-ний нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.
Энэ хуулийн үйлчлэлд Халамжийн болон нийгмийн даатгалын сангаас өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 онд малчнаар ажилласан, хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй, 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч Монгол Улсын иргэн хамаарах юм.
Малчдын сард нөхөн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийн 10 хувь буюу 42.000 төгрөг байхаар тогтоожээ.
Шимтгэлээ нөхөн төлөхийн тулд албан татвар төлсөн мэдээллээ Нийгмийн даатгалын хэлтэст хандаж хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийн сангаас шүүлгэх боломжтой.
Түүнчлэн мал маллаж байсныг нотлох баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу малын ‘’А’’ данс юм. Малын ‘’А’’ дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа “иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох” орон тооны бус зөвлөлд хандах юм.