"COVID-19" халдварын 103 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  103 хүнээс коронавирус илэрчээ.

Улаанбаатар хотын үндэсний төвүүд, дүүргийн лаборатори, Өмнөговь, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 19 341 хүнд шинжилгээ хийжээ.

Улаанбаатар хотод 102 хүн халдвартай нь батлагдсанаар нийт халдварын тохиолдол 2 789 боллоо. Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр 2021 оны 2 дугаар сарын 25-нд ирсэн нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 422 болж байна.

Шинээр халдвар авсан 103 хүний 92 хүн ойрын хавьтал байна. Эдгээр хүний 84 хүнд анхны, долоон хүнд хоёр дахь, нэг хүнд гурав дахь шинжилгээгээр халдвар илэрсэн байна.

Нийт 11 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа тодотгов.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний нийт батлагдсан тохиолдол 3 664, дотоодод халдвар авсан хүний тоо 3 134 боллоо.

Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрчээ. Коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүний тоо 2 907 болжээ.

Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Завхан, Төв аймагт нийт 740 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсээс 692 иргэний биеийн байдал хөнгөн, 41 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд, хоёр хүн маш хүнд байгаа аж.

Сэтгэгдэл бичих