БНСУ-д “AstraZeneca”-гийн вакциныг 65-аас дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрлөө гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээлэв.
“AstraZeneca”-гийн вакцин 80-аас дээш насны хүмүүсийг "COVID-19" халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс 80 гаруй хувиар сэргийлж байгааг Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд тогтоосны дараа энэхүү шийдвэрийг гаргажээ.
БНСУ “AstraZeneca”-гийн вакцины өндөр настай хүмүүст үзүүлэх үр дүнгийн талаар мэдээлэл дутмаг байгааг харгалзан 65-аас доош насны хүмүүст тарьж байсан юм. Үүнтэй ижил шийдвэрийг Европын хэд хэдэн орон гаргаад байсан хэдий ч хожим нь мөн л өөрчилсөн юм.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд лхагва гаргийн байдлаар 500 635 хүн “AstraZeneca”, “Pfizer-BioNTech”-ийн вакцин хийлгэжээ. БНСУ-д 94 198 хүн коронавирусээр халдварлаж, 1652 хүн нас барсан байна.