Коронавируст халдварын тохиолдол 80-аар нэмэгдэв

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 80 хүнээс коронавирус илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод 79, Төв аймагт нэг хүн халдвартай нь батлагдсаныг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.

Улаанбаатар хотын үндэсний төвүүд, дүүргийн лаборатри, Өмнөговь, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорноговь аймийн салбар лабораторид 21585 шинжилгээ хийв. Манай улсад нийт батлагдсан тохиолдолд 3561, дотоодод халдвар авсан хүний тоо 3032, нийслэл хотод 2687 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй.

Сүүлийн 24 цагт 50 хүн эмчлүүлж дуусан эмнэлгээс гарч, халдвар авсан хүмүүсийн 80 хувь эдгэрээд байна.

Харамсалтай нь эрчимт эмчилгээний тасарт эмчлүүлж байсан 76 настай эмэгтэйн коронавируст халдвар уушгины хатгаа болон хүндэрч, эмчилгээний 21 дэх хоногтоо нас барлаа. Ингэснээр коронавирусний шалтгаантай нас барсан хүний тоо 4 болж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Өнгөрсөн 24 цагт халдвар авсан 80 хүний 77 нь ойрын хавьтал байв. Гурван удаа шинжилгээ авахад 65 хүнээс эхний, 12 хүнээс 2 дахь шинжилгээгээр илэрчээ. Гурван хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ иргэд Баянзүрх дүүргийн 14, Сонгинохайрхан дүүргийн 26, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооных аж.

Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Завхан, Төв аймагт нийт 697 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсээс 646 иргэний биеийн байдал хөнгөн, 43 хүн хүндэвтэр, 6 хүн хүнд, хоёр хүн маш хүнд байгааг ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Сэтгэгдэл бичих