БНХАУ ойрын хоёр жилийн хугацаанд 12 хүнийг сансарт илгээхээр төлөвлөж байна. Тэд дэлхий тойрог замд БНХАУ-ын станцыг байгуулах ажилд голчлон оролцоно гэж тус улсын жолоодлогот сансрын нислэгийн хөтөлбөрийн орлогч дарга, анхны сансрын нисгэгч Ян Ливэй мэдэгджээ.
“Энэ онд болон ирэх онд бид 11 хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, сансрын станцын үндсэн модуль, туршилтын модуль, сансрын жолоодлогот хөлгийг хөөргөнө. 12 сансрын нисэгчийг сансарт илгээнэ" гэж тэрбээр Бээжин хотноо болсон Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 4-р хуралдааны үеэр хэлсэн байна. "Хятадын залуу мэргэжилтнүүдэд сансарт нисэх илүү их боломж олдоно. Илүү олон залуус сансрын нисэгчдийн эгнээнд элсэнэ гэж найдаж байна" гэж Ян Ливэй онцлон тэмдэглэжээ.
Өдгөө БНХАУ өөрийн гэсэн тойрог замын станц байгуулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. "Тяньгун" /“Тэнгэрийн ордон”/ хэмээн нэрлэсэн тойргийн замын станцаа тус улс бага тойрог замд 340-450 км-ийн өндөрт барихаар төлөвлөжээ. "Тяньгун" станц нь T хэлбэртэй байх бөгөөд дунд хэсэгт нь "Тяньхэ" үндсэн модуль, хоёр талд нь лабораторийн хоёр модулийг угсрана. Лабораторийн модуль тус бүрийн жин 20 гаруй тонн, станцын нийт жин 66 тонн байх бол лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзэлхүүн 110 шоо метр байх аж. Гурван сансрын нисэгч станц дээр байнга ажиллах бол багаа солих үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой байна.