Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталсан “Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд ирэх сард 500 залууг сургалтад хамруулж эхэлнэ гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Төслийн хүрээнд явуулах вакумжүүлсэн багц сургалт нь нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, мянган хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулах юм.
Залууст эрүүл, эртэч амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг болох нь хөтөлбөрийн гол зорилго гэдгийг тодотгов. Залуусыг сургаад зогсохгүй, залгаад энтрепренер, ментершип хөтөлбөрийг боловсруулж хамруулах юм. Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөсөн байна. Үүнд шаардах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх аж.
Манай улсын нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн 46 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ. Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичиг авч байна. Хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ажил хийдэггүй 15-34 насны иргэд олон байгааг тэмдэглэж ядуурлаас гарах гарц нь халамж биш, хөдөлмөрт шилжих хэмээн тэмдэглэв.
Энэхүү хөтөлбөрийг ХНХЯ, БХЯ Соёлын яам, БШУЯ манлайлж зохион байгуулах бөгөөд аж ахуйн нэгжүүдийн бүх талын оролцоог чухалчилна гэдгийг мэдээлэлдээ дурдлаа.
Манай улсад 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээж байгаа статистик мэдээг дурдаад, залуусыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх хөтөлбөрт эхний ээлжинд 500, цаашлаад 1000, энэ онд багтаж 5000 залууг сургахаар төлөвлөж байгаа аж. Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй уг хөтөлбөрт зориулж энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлэх юм байна.
Төслийн талаарх мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө зарлан мэдээлнэ. Залуус тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм.
Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална. Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Мөн орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ.