Сүүлийн 24 цагт 109 хүнээс коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 109 хүнээс коронавирус илэрчээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод 96, Төв аймагт 7, Завхан аймагт 2 хүнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3 481-д хүрлээ. Харин дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 2952, Улаанбаатар хотынх  2608 болж байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаагийн мэдээлснээр, Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Өмнөговь аймгийн Гашуун сухайтын явуулын лаборатори, ХУД, СХД, Ховд, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорноговь аймагт ажиллаж буй салбар лабораториудад нийт 11170 хүнд шинжилгээ хийжээ.

Халдвартай нь шинээр батлагдсан 109 хүний 104 хүн нь ойрын хавьтал бол, таван хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж. Эдгээр нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо, Хан -Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суудаг хүмүүс юм байна.

Сэтгэгдэл бичих