Маргаашаас олон нийтийг “COVID-19”-ийн вакцинд хамруулах өргөн хүрээтэй ажил эхэлнэ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэхдээ, “Энэ сард эхний ээлжинд 508 мянган хүн, дөрөвдүгээр сард 500 мянга орчим иргэнээ вакцинжуулна. Маргааш 15 мянган хүнийг вакцинжуулахаар нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Тухайлбал, Улаанбаатар цахилгаан түгээх станц, Төрийн үйлчилгээний компани, орон сууц, цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль гэхчлэн нийт 15 800 хүнийг дархлаажуулалтад хамруулна. Энэ сарын 10-наас худалдаа үйлчилгээний байгууллагынхан, энэ сарын 11-нээс багш, боловсролын байгууллагынхан гэх мэт төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэгт байгуулсан цэгүүдэд вакцинжуулах ажил эхэлнэ” гэв. Дархлаажуулалтын нийт 85 цэг байгаа бөгөөд дүүрэг бүрт 10-15 цэгийг байгуулжээ.
Бүх хүн амаа ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дархлаажуулна
Ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүх хүн амаа бүрэн дархлаажуулж дуусна гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, “Вакцинжуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явж байна. 14 хоногийн хугацаанд ажиглалт тандалтын ажил хийж сөрөг нөлөөллийн хувийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай гэж эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид зөвлөсөн учир тэр хүрээнд ЭМЯ-наас зохион байгууллаа.
Цаашид вакциныг тасралтгүй явуулж нийт хүн амаа дархлаажуулахад 4.5 сая вакцин шаардлагатай. Үүнээс одоогийн байдлаар Астразенека, Синофарм, Спутник вакциныг татан авсан. Вакцины татан авалт, тээвэрлэлийн ажил тасралтгүй явна” хэмээсэн юм.