Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөж байсан урлагийн тоглолтуудыг цуцалж эхэлсэн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал, “Анна Каренина” тоглолтод оролцсон 54 хүнээс өчигдөр коронавирусний халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байсан аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолтоо цуцалж эхэлжээ.
Өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг, соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан. Тэгвэл 13.00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Улаанбаатар палас мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. Их наяд эвент холлд болох "Мотив" хамтлагийн тоглолт ч мөн цуцлагджээ.