Т.Чимгээ: Намайг хүний аминд хүрснийг нотлох баримт байхгүй

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өнөөдөр 401 дүгээр Хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзлаа. Энэ үеэр Т.Чимгээ нийтэд хандаж мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “2015 оны наймдугаар сарын 31-нд Төв аймгийн цагдан хорих байранд хэлмэгдэж хоригдсон. Хоригдох хугацаанд маш хэцүү нөхцөлтэй байсан. Тухайлбал, ариун цэврийн хэрэгсэл байхгүй дотроо бие засдаг, усанд орж чадахгүй, агааржуулагч ч байхгүй тийм газар есөн сар хорьсон. Тэнд хоол ундны асуудал ч хүнд байсан. Улмаар 2017 оны тавдугаар сард 407 дугаар анги руу шилжсэн ч нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд дарамт шахалтад жил долоон сар хоригдсон. 2019 оны гуравдугаар сараас 401 дүгээр ангид ирж, сэтгэл санаа, эрүүл мэндээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Миний амьдралын таван жил долоон сар гаруй хугацааг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жилийг тарчлаан зовоож, тамлаж, хар дарсан зүүд шиг өнгөрөөлөө. Намайг хоригдсоноос хойш нэг жилийн дараа миний том охин осолд орж амь насаа алдсан. Үүнийг би энэ хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Тиймээс тэр хэргийг би дахин шалгуулах хүсэлтэй байгаа. Миний амьдрал ахуй, ар гэр тэр чигээрээ орвонгоороо эргэсэн. Үлдсэн үр хүүхэд, 80 гарсан хадам ээж маань хамтдаа орон байргүй, байр хэсэж амьдарч байна” хэмээв.

Мөн тэрбээр “Намайг хүний аминд хүрснийг нотлох баримт байхгүй. Зөвхөн Ц.Амгаланбаатарын мэдүүлгийг л нотлох баримт болгосон байдаг. 1998 оны 9-11 дүгээр сард би Дорноговь аймагт ээж дээрээ байсан. Намайг зөвтгөх баримтууд байдаг ч нөлөөлдөггүй” хэмээсэн юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “2016 онд Төв аймгийн цагдан хорих байранд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэг олон нийтэд цацагдсан. Үүний хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ТЕГ, ШШГЕГ, АТГ, ЦЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хэргээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Харамсалтай нь давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод буй. Энэ хэргийн шүүх хурал зургаан удаа болсон боловч эцэслэн шийдээгүй байна. Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу энэ хүмүүсийг эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь 20 жилийн ял оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хууль, эрх зүйн үндэслэл бүрдэх юм. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг ярьсан. Мөн энэ хэргийн захиалагчтай холбоотой хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа. Гэхдээ захиалагчтай холбоотой хэргээр Т.Чимгээгээс мэдүүлэг, байцаалт аваагүйг тэр өнөөдөр бидэнтэй уулзахдаа хэллээ” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих