Монгол Улсын Засгийн газар коронавирусний нөхцөл байдал, хариу арга хэмжээний асуудлаар маргааш өглөө 09.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болсон байна.
Учир нь сүүлийн өдрүүдэд нийслэлд коронавирусний халдвар нэмэгдэж, ялангуяа зарим орон нутагт тархах эрсдэл бий болсон. Түүнээс гадна УДЭТ-ын "Анна каренина" жүжгийн үзвэрээс коронавирусний халдварын 54 тохиолдол өнөөдөр илэрлээ. Иймд Засгийн газар шуурхай хариу арга хэмжээний асуудлаар хуралдахаар товложээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлэхдээ, дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлд үзвэр, үйлчилгээг хязгаарлаж, хот эрүүл болсон үед үргэлжлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаа мэдээлсэн. Мөн халдвар нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд цар тахалтай зэрэгцэн амьдрахаас аргагүй тул хөл хорио тогтоохгүй гэдгийг тэмдэглэсэн юм.